Аялж явсан 500 гаруй иргэн Увс аймгийн нутагт усанд боогджээ

0


2020 оны 7 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүслээ. Аймгийн онцгой комисс хуралдаж арга хэмжээ авч ажиллаж байна.
Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол болон, Түргэн, Сагил сумдын нутаг дэвсгэр Хархираа түргэний голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байдалтай байна. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд байна. Зам хаагдсаны улмаас Улаанбаатараас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэн Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байдалтай байна.
Мөн Улаангом сумын урд чиглэлийн Гашууны гол үерлэж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсныг 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч 4,000 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ.
Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцоог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх, цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах, Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэрэгээр татаж авах ажлыг зохион байгуулахаар болжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn