Ялимгүй маргаанаас хүчирхийлэл үүсдэг

152


Хамтдаа байхыг хүссэн хүн бүр жаргалтай байх учиртай атал бүх зүйл  хүссэнээр болдоггүй нь харамсалтай.Тиймдээ л хорвоо олон өнгөтэй. Хүмүүс сайнтай, муутай байдаг биз. Гэхдээ л хайрыг мэдэрсэн хүн бүр жаргалтай байдаг учраас сэтгэл хөндүүрлэсэн өвчин бүхнийг эмчлэх цор ганц жор нь хайр, итгэлцэл, ойлголцол юм.
 
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭР 6400 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 
Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их өвтгөж, хүмүүсийн харилцаанд том ангал үүсгэдэг. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам төдийлөн буурахгүй байгаа нь эмзэглэмээр. Гэхдээ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээлэл өсөөгүй ч гэр бүлийн хүчирхийллийн зөрчил буурсангүй. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэний 985 нь гэр бүлийн хүчирхийлэл байна. Үүнийг 2018 онтой харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 7.9 хувиар буурчээ. Харин байршлын хувьд 50 гаруй хувь нь нийслэлд үйлдэгдсэнийг тоон мэдээ харуулж байна.
 
Цагдаагийн байгуул­лагын хэмжээнд өнгөрсөн онд 2.1 сая орчим зөрчил бүртгэгдсэний 9000 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, зөрчил гаргасан 6400 хүнийг баривчилжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн  93.6 хувь нь хөнгөн хэлбэрээр үйлдэгдсэн байгаа нь ялимгүй маргаж, бухимдлаа барьж чадаагүйтэй холбоотой.
 
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх цаад шалтгаан нь архидалт, хардалтаас үүдэлтэй маргаан. Улмаар маргаанаа эерэг аргаар шийдэж чадаагүйгээс даамжирч нэгнийгээ зодож, гэмтээдэг. Эцэстээ гэр бүл салж гэмгүй хүүхэд өнчирч үлдэнэ. Эхнэр, нөхөр нэгнээ дэмжих, хамтдаа ажил хийж чадахгүйгээс үүдэж нийгэмд ядуурал, ажилгүйдлийн тоог өсгөж байна.
Зөвхөн энэ оны эхний хоёр сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин энэ төрлийн 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь өнөөх л маргаанаа эерэгээр шийдэж, нэгэндээ буулт хийж ойлголцоогүйгээс үүдэлтэй. Хэдийгээр хэргийн шийдвэрлэлт 89.1 хувиар өссөн ч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн дуудлага, мэдээлэл тасрахгүй байгаа нь харамсалтай. Зөрчлийн шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хэргийг гомдлоо татсан ч буцаахаа больсон. Мөн гэр бүлийг нь давхар хохироохоо больж торгох заалтыг хассан байдаг. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад суулгахаар заасан. Хуульчдын үзэж байгаагаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд  баривчлах шийтгэл оноосон нь нэлээн хатууд тооцогдож байгаа юм.
 
ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ 
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэнцэх үүднээс өнгөрсөн онд цагдаагийн байгууллага тусгай хэлтэс байгуулав. Ингэснээр цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг анхан шатанд нь илрүүлж, шалгаж, шийдвэрлэх ажил илүү ахицтай байгааг албаны хүмүүс онцоллоо.
Нэг үеэ бодоход иргэд хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх эрх үүргээ мэддэг болжээ.
 
 
Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг аль болох өдөрт нь багтааж шийдвэрлэх, удлаа гэхэд 3-5 хоногт шүүхэд шилжүүлдэг нь сайн үр дүн юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу очихдоо аюулын зэргийг тогтоосны дараа холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
 
 
Нийслэлийн хэмжээнд хоногт 120-170 гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирдэг ч  алба хаагч очиход ихэнх нь буцаагддаг гэнэ. Нөгөө талаас үнэхээр хүчирхийлэлд өртсөн ч эдийн засаг, сэтгэл санааны дарамтаас болж дуудлагаасаа буцах тохиолдол цөөнгүй байдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн,  дэд хурандаа Б.Цэнгэлбаяр хэлсэн юм. Тэрээр “Дуудлагаасаа буцсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл мөн үү гэдэг дээр аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Хохирогч хүчирхийлэлд өртөөгүй гэж мэдүүлсэн ч аюулын зэргийг үнэлж, зохих шийтгэл ногдуул­даг. Ийм тохиолдолд хохи­рогч гомдолгүй байх нь хамаарахгүй. Шүү­хэд материалыг шил­жүүлж шийдвэрлэнэ. Хүчир­хийллийг данц ганц эхнэр, хүүхдийнхээ бие махбодид гэмтэл учруулдгаар төсөөлж болохгүй.
Эдийн засгийн, оюун санааны болон бэлгийн хүчирхийллийн хэлбэр хамаарна. 2017 оноос мөрдөж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж, илрүүлэлт, шийдвэрлэлт өссөн. Хууль хэрэгжиж эхэлснээр хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил юм гэдэг зөв ойлголт нийгэмд бий болж байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой. Хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага ногдуулах ёстой юм байна гэдгийг мэддэг болсон.  Цагдаагийн байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч, цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээр очих бүртээ хийдэг аюулын зэргийн үнэлгээг шинэчлэх ажил хийж байна” гэлээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар хохирогчид хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд хүчирхийлэлд өртөж байгаагаа нууцалдаг аж. Гэтэл нууцалж тэвчих тусам хүчирхийлэл ноцтой болж эцэстээ амь насаараа хохирсон жишээ байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман хүн амиа алджээ. Тиймээс ялимгүй маргааныг нэгнээ гүн шархлуулах хүчирхийлэл болгож томруулахгүйгээр итгэл, хайраар эмчилбэл, хэчнээн сайхан. Тэр бүх итгэл ойлголцлын үр дүн хүүхэд элэг бүтэн, айл өрх аз жаргалтай байх болно.
Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж иргэдэд эерэг ойлголт өгөх олон ажил хийж байгаагийн нэг нь “Хайр өвтгөдөггүй” аян юм. Тус аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан хамтран гуравдугаар сарын 9-27-ныг хүртэл өрнүүлж байна. Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлж, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж байгаа юм.
Мөн аяны хүрээнд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
 
 
C.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn