Овооны эзэн “авлига” авдаггүй

40

Өнгө өнгийн хадаг хэдэн талаас нь давхарлан зүүсэн, танигдахын аргагүй болтлоо хувхайрсан мөнгөн дэвсгэрт энд тэндээс нь цухуйх, чухам юу гэдэг нь тодорхойгүй нэгэн “биетийн” эргэн тойронд хүмүүс битүү шавсан байв. Өнөөх зүйлд хүүхэд, хөгшидгүй сүслэн залбирч, зарим нь яг л гацуур мялаах аятай мөнгө хавчуулж харагдав. Ойр орчмынх нь газраар будаа, ёотон, чихэр, боорцог хөглөрч, муудсан хүнсний эхүүн үнэр хамар сэтлэх шахах нь тэвчихэд бэрх. Гэвч цугласан хүмүүс анзаарах сөхөөгүй, дугаарлан зогсож, “үүргээ гүйцэтгэх” аж. Зарим нь үүдээр орж ирэнгүүтээ л өнөөх зүйлийн өмнө сунаж мөргөн, хадаг уяж, мөнгө хавчуулна. Чухам юу болохыг хүмүүсээс лавлавал “Нөгөө мод чинь шатаад ийм болчихсон” хэмээн мэдэмхийрэв. Зарим нь юу гэдгийг нь ч мэдэхгүй атлаа дугаарлан зогсож байлаа. Гэтэл энэ нь сүсэгтэн олны зорин ирсэн, хүсэл биелүүлэгч хэмээн бишрэн шүтдэг Ээж мод биш, Мөргөлийн өргөөний үүдэнд байрлуулсан жирийн нэг туг болж таарсан юм. Иргэд түүнийг ийнхүү сайн дураар тахиж, тусгай зан үйл хийх болсныг тэр хавийг хариуцдаг байгаль хамгаалагч хэлсэн.
Энд өгүүлж буй үйл явдал зарим уншигчид танил санагдаж магадгүй. Үүнтэй төстэй зан үйл хийж үзээгүй, эсвэл нүдээр хараагүй хүн олон биш болов уу. Учир нь уул, овоо тахих, гороолох, газар, усаа аргадан тэтгэх нэрийдлээр байгальд хогийн цэг үүсгэдэг, хадаг яндар, мөнгөн дэвсгэрт хаядаг явдал сүүлийн үед гаарсан. Тэр дундаа овоонд өргөл барих нэрийн доор улсын мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэх явдал монголчуудын дунд өргөн дэлгэрэв. Үр дагаварт нь ийм дүртэй овоо олширсон.
Гэвч энэ нь шүтлэг талаасаа ч, зан үйлийн хувьд ч Монголд байгаагүй, ач холбогдол, үр нөлөөгүй, мухар сүсгийн хэлбэр төдий үйлдэл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэв. Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчны асуудал хариуцсан албаны дарга Д.Амарболд “Өргөл барих нэрийдлээр янз бүрийн хүнс авчран, байгаль бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж буй хэрэг. Гай түйтгэрийн үүдийг нээдэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Уул, овооны оройд дарцаг хийсгэвэл хийморь нь сэргэнэ гэж итгэдэг, мөнгө тавьснаа өргөл барилаа гэж боддог хүмүүс тэр зүйлс нь хөл доор хөглөрөх хог болохоос цаашгүйг ойлгох хэрэгтэй” гэсэн.
Ардын зан үйл судлаач Л.Пүрэвжамц “Монголчууд гойд шүтлэгтэй, сүсэг бишрэл ихтэй ард түмэн учраас итгэл төрүүлдэг хүмүүсээр нь буюу лам нарын оролцоотойгоор энэ гажуу үйлдлийг зогсоох хэрэгтэй. Овоог хилийн болон лус савдгийн гэж ангилдаг. Лус савдгийн овоог дотор нь лусын, савдгийн гэж ялгадаг юм. Лусын овоо ихэвчлэн гол, усны эхэнд, нөгөөх нь өндөр уул, даваанд байдаг. Эдгээрийг тахих, өргөл барих тодорхой хугацаа бий. Савдгийн овоог сар шинийн өдөр нар ургахаас өмнө, лусынхыг хавар гол, мөрөн гэсэх үед идээний дээж өргөн сүсэлж, элбэг дэлбэг, элэг бүтэн, цог хийморьтой байхыг бэлгэшээн, шившдэг. Ингэхдээ идээ цагааны дээжээ овоо руу бус, тэнгэр хангайд өргөдөг жамтай. Уул, овоонд мөнгө тавьдаг ёс, уламжлал байхгүй. Энэ бол мухар сүсэг, төөрөгдлийн хэлбэр” хэмээв.
Хүн хүний гар, халаас дамждаг учраас мөнгийг хамгийн бохир зүйлд тооцдог. Иймд үүнийг уул овоонд тавих нь сүсэг бишрэлээ сэвтээж, байгалиа бохирдуулж, доромжилж буйгаас өөрцгүй гэдгийг дээрх хүмүүс хэлэв. Монголчууд овоонд очихдоо “Овооны эх нь танд, олзны их нь маньд” хэмээн бэлгэшээгээд, чулуу нэмж, гурван удаа тойрдог уламжлалтай. Овоог энэ уламжлалын дагуу тахихад хангалттай гэдгийг ч онцлов.
Манай улс уул, овоо тайх зан үйлийг 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан. Эл өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж буй. Гэвч үүнийг “Зөвхөн монголчуудынх” хэмээн өмчилж, зарлан тунхаглахаас илүү уламжлалт ёсоор нь хадгалан өвлүүлэх шаардлага тулгараад байна.
Тусгай хамгаалалттай газар хариуцсан хамгаалалтын захиргааныхан сүүлийн үед энэ талаар идэвх, санаачилгатай байгаа нь сайшаалтай. Хан Хөхийн улсын тусгай хамгаалалттай газрынхан Увс нуурын ай сав дагуух хэсгийг наадмын дараа цэвэрлэжээ. Цагаан эргийн, Бор толгойн, Баянхайрхан уулын овоог хогноос салгасан тэд “Хаа сайгүй мөнгө, хадаг хөглөрч байна. Хадгийг монголчууд эдийн дээд гэж эрхэмлэдэг. Мөнгөн дэвсгэрт ч тухайн улсын нүүр царай болдог, соёл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Мухар сүсэгт автсан иргэд харин энэ зүйлсийн үнэ цэнийг алдагдуулж байна. Тиймээс бид уул, овоо тахих зан үйлийг зөвөөр сурталчлан таниулах чиглэлээр ажиллана” гэв.
Дарь-Гангын байгалийн цогцолборт газрынхан Шилийн богд, Алтан овоогоо хамгаалахын тулд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг дэмжсэн танд баярлалаа” гэсэн бичиг, бар код (QR)-той самбарыг тусгай бүсэд байршуулжээ. Өөрөөр хэлбэл, иргэд овоонд өргөдөг мөнгөө тус газрынханд хандивлаж, байгаль хамгаалахад хувь нэмэр оруулах боломж бүрдүүлсэн байна. Тус газарт аялсан иргэн “Мөнгө төлбөрийн хэрэгсэл хэдий ч байгальд хаявал хог болдог. Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд Монголбанк, Дарьгангын байгалийн цогцолборт газрынхан хамтраад ийм санаачилга гаргасан. Бусад аймгийнхан үүнээс үлгэрлээсэй” хэмээн нүүр номдоо бичжээ.
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-д холбооны инженерээр ажилладаг Б.Энхбаяр хэмээх залуу овооны орчимд хог болон хөглөрөх мөнгөн дэвсгэртийг хараад ихэд эмзэглэж, бухимдсан аж. Ингээд Сүхбаатар аймгийн Молцог элсний хойд захад орших, төрийн тахилгатай Алтан овоо орчмоос 447 ширхэг мөнгөн дэвсгэртийг цуглуулж, тэр хавийг хариуцсан байгаль хамгаалагчдад 64 мянган төгрөг тушаажээ. “Хөдөө хээр явахад иймэрхүү муухай дүр зураг байнга харагддаг. Хариуцсан хүмүүстэй нь уулзъя гэхээр тэр бүр санаснаар болдоггүй. Иргэний үүргээ биелүүлж, байгалиа хамгаалах зорилгоор төрөлх нутгийнхаа хоёр овоог цэвэрлэсэн. Нэг дэвсгэрт хэвлүүлэхэд 5000 төгрөгийн өртөгтэй байдгийг банкныхан хэллээ. Овоонд 10, 20-тын жижиг дэвсгэрт тавилаа гэхэд түүнийг хэвлүүлэхэд зарцуулсан 5000 төгрөгийг ч салхинд хийсгэлээ гэсэн үг. Бид иймэрхүү байдлаар төгрөгийн үнэ цэнийг унагаж байна” гэж тэрбээр ярилаа.
Хоёрхон овооны орчимд хөглөрөх дэвсгэртийг цуглуулахад 60 мянга гаруй төгрөг хуримтлуулсан гэхээр монголчууд өргөл барих нэрийдлээр нутаг усаа хэр бохирдуулж, хэчнээн үнэт цаасыг хог болгодог нь тодорхой юм. Тиймээс тусгай хамгаалалттай газар хариуцсан хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид энэ асуудалд онцгой анхаарч эхэлжээ. Одоо БОАЖЯ, Гандантэгчэнлин хийд зэрэг байгууллага өнгөрсөн жил санаачилсан “Хоггүй Монгол” аянаа өргөжүүлж, модны амь боомилон хадаг уядаг бурангуй үйлдлийг зогсоох, мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээнд анхаарах цаг болжээ.
Эх Сурвалж: Unuudur.mn скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn