Орон нутгийн жолооч нараас км тутам 45 төгрөгийн төлбөр авна

98
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байгаа буюу улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг үлдээж буй. Энэ хүрээнд 36 цогц ажил хэрэгжүүлж байгаагийн нэг чухал ажил нь улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгож байна. Ингэснээр түгжрэлийг бууруулах эдийн засгийн хөшүүрэг ашиглах олон боломж гарч ирж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж, тагжуулах ажлыг 2023 оны нэгдүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусгахын зэрэгцээ зам тээврийн ухаалаг системийг хийх ажил ид хийгдэж байгаа аж.
Үүний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцсон километр тутамд нийслэлд бүртгэлтэй автомашин 15 төгрөг, орон нутгийн автомашин 45 төгрөг төлдөг байх зохицуулалтыг Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд удахгүй өргөн барихаар төлөвлөжээ.
“Улаанбаатар хотын 1,300 орчим км замын 85% ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд жил бүр нөхөөс тавьж, засвар хийдэг. Замын сангийн хөрөнгө зам ашиглалтын төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамаараад жижиг машин 20,000, том машин 40,000 төгрөг төлдөг. Энэ суурь үнийг хэвээр хадгална.

Харин ухаалаг системийг ашиглаад уулзвар болгон дээр автомашины нэвтрэлтийг хянах замаар км тутамд 15 төгрөг, орон нутгийн машин гурав дахин өндөр буюу 45 төгрөг төлөх төсөл боловсруулсан. Улаанбаатарын зам дээр зорчиж буй нийт машины 18% нь хөдөө орон нутгийн машин. Үүнээс гадна нийслэл рүү орж ирэхэд авдаг 1,500 төгрөгийн суурь үнэ хэвээр байна” хэмээн Ч.Батзориг хэллээ.
Улаанбаатар хотын иргэд жилд дунджаар 11,000 км орчим явдаг гэсэн тооцоололтой аж. Харин нийслэлд ойр орон нутгийн машинууд амралтын өдрүүдэд хотод таксинд явах тохиолдол нэлээд байгааг хэллээ.

Иймд түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд орон нутгийн автомашинуудыг Улаанбаатар хот руу орохдоо машинаа үлдээх нөхцөлийг хангах үүднээс их багтаамжийн зогсоолуудыг барьж байгаа ба 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Засгийн газарт оруулж байгаа аж. Ингэснээр хөдөө орон нутгаас таван буюу чиглэлээс ирж байгаа дөрвөн хэсэг газарт орон нутгийн машиныг үнэгүй тавиад хот руу орох боломжийг бүрдүүлсэн том зогсоол хийж, тэр чиглэлд богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөжээ.
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй болсноор төлбөр тооцоо бүгд цахимаар хийгдэх нь. Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд орон нутгийн автомашинуудыг тагжуулж амжихгүй бол Улаанбаатарт нэвтрүүлэхгүй байх саналыг Үндэсний хороонд өргөн барих гэж байгааг хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn