Ши Жиньпиний COVID-19-ийн дараах анхны гадаад айлчлал нь Хонгконг

127


Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх долоо хоногт Хонгконгийг эх газарт нэгтгэсний буюу Хятадад шилжүүлэн өгсний 25 жилийн ойд оролцохоор болжээ. Энэ нь цар тахал тархаж эхэлснээс хойших түүний анхны гадаадын айлчлал гэдгээрээ онцлогтой.
Энэ талаар Синьхуа агентлаг “Ерөнхийлөгч Ши Жиньпин Хонгконгийг эх газарт буцаан авсны 25 жилийн ой болон Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь удирдагчийн  тангараг өргөх ёслолын нээлтэд долдугаар сарын 1-нд оролцоно” гэж мэдээлэв.
Гэвч тус үйл ажиллагаанд оролцох Хонгконгийн Үндсэн хууль болон эх газрын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Эрик Цан, гүйцэтгэх захирал Эрик Чан хоёр COVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан гэж Хонгконгийн Засгийн газар пүрэв гарагт мэдэгдэв.
Энэ талаар Засгийн газрын мэдээлэлд “Ноён Цан болон Чан нар нь зургадугаар сарын 20, 22-нд ажилдаа ирсэн. Тэд үргэлж маск зүүж, ажил дээрээ халдварын дэглэмээ баримталж, түргэвчилсэн шинжилгээний хариу өдөр бүр сөрөг гарсаар байсан. Тэдэнд аяллын түүх байхгүй” гэсэн байна. Эрик Чанын тухайд Хонгконгийн удирдагчаар Жон Ли сонгогдсон учир тэрбээр тус улсын хоёр дахь том албан тушаалтан болох юм.

Энэ нь Ши Жиньпинийг эрсдэлд оруулах вий гэсэн санаа зовнилыг төрүүлээд байгаа юм. Учир нь Хятад улсын тухайд хатуу хөл хорио, бүх нийтийн шинжилгээ гэсэн нэмэлт арга хэмжээнүүдийг авч цар тахлын тархалтыг хязгаарлахаар хатуу тэмцэж байгаа орон юм. Тиймдээ COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаанд Ши Жиньпин гадаад улсад айлчлаагүй байна.
Хонгконгийн хувьд  ч хатуу дэглэм баримталж байгаа.  Тиймээс  халдвар авсан хоёр албан тушаалтан гэр болон ажил хоорондоо хувийн унаагаар зорчиж,  өдөр бүр шинжилгээ өгч, оройдоо зочид буудалдаа тусгаарлагдаж байна. Мөн вакцины хамрагдалт өндөр учир халдварын тоо өдрөөс өдөрт буурч байгаа ч Хонгконгийн Засгийн газар "zero Covid" бодлогодоо хүрэхээр зорьж, хатуу дэглэм үйлчилсэн хэвээр байна. Тиймээс ойн баярт оролцох зочид долоо хоногийн турш зочид буудалд тусгаарлагдаж, хилийн хатуу дэглэм баримталж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn