Хүүхэд багачууд, дүү нартаа зөвөөр үлгэрлэж чаддаг “ГОЁ АХ ЭГЧ” баймаар байна.

128

Увс аймаг дахь Цагдаагийн газраас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад, энэ төрлийн гэмт хэргийн гаралт нийслэлд 60 хувь, орон нутаг 40 хувь үйлдэгджээ. Энэ асуудлаар Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад З.Батзоригтой ярилцлаа.
-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа вэ?
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2021 онд 25 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэргийн 7637 буюу 30 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн.
Увс аймагт 2021 онд 239 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 66 буюу 25 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.
2022 эхний 01 дүгээр улиралд Увс аймагт 77 гэмт хэрэг бүртгэгдсэний 28 хувь буюу 22 гэмт хэрэг нь дээрх төрлийн гэмт хэрэг байна.
Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулбал хамгийн багадаа 450 мянгаас хоёр сая долоон зуун мянган төгрөг хүртэл торгох ялаар шийтгүүлдэг. Хэрвээ хүнд гэмтэл учруулбал хоёр жилээс 12 жил хүртэл хорих ялтай байдаг.
-Энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсөх хандлагатай байдаг уу?
Сүүлийн таван жилийн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа. Ерөнхийдөө буурдаггүй, тогтмол гарах, өсөх хандлагатай байна.
-Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
Залуучууд үл ялих зүйлээс болж маргалддаг. Энэ маргааныг хүчээр шийдвэрлэдэг нь хамгийн харамсалтай. Гудамжинд зөрж өнгөрөхдөө хоорондоо маргаад нэгийгээ цохисноос болж эрүүл мэндээрээ хохироод үлдсэн жишээ байна. Баар цэнгээний газруудад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэг нэгэнтэйгээ маргалдаж зодолдох тохиолдлууд байна. Маргааны улмаас зодолдсон ахуйн хүрээний, ах дүү, төрөл садан хүмүүсийн хэрэг олон гарч байна. Мөн хөдөө малчид бэлчээрийн маргааныг хүчээр шийдэх гэж улайрснаас нэг нэгнийхээ биед халдах тохиолдол сүүлийн үед гарах болсон байна.
Энэ мэтчилэн маш олон жишээ байгаа. Үүнд иргэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгнийгээ хүндэтгэж асуудлыг уураар бус ухаанаар шийдэх хэрэгтэй байна.
-Холбогдож буй хүмүүсийн насны хувьд?
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн 60 орчим хувийг 25-40 насны хүмүүс байдаг. Залуус сурч боловсрох, хөдөлмөрлөх насандаа дээрх гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байна.
Насанд хүрэгчид буюу бидний ярьдгаар том ах эгч бид нар бие зөв авч явахгүй, зөвөөр үлгэрлэхгүй, дээр дурдсан шалтгаанаар нэг нэгнийхээ биед халдаад байгаа нь насанд хүрээгүй бага насны хүүхдүүд, дүү нартаа буруу дуурайлал үзүүлэх, асуудлыг заавал хүчээр шийддэг мэт, маргааныг заавал нэг нэгнийхээ биед халдаж шийдвэрлэдэг мэт хэвшмэл ойлголт төрүүлж ирээдүйгээ буруугаар хүмүүжүүлж байгаад анхаарах хэрэгтэй байна.
-Иргэдэд юуг анхааруулж хэлэх вэ?
Бид эхлээд уураа барьж, тэвчих ёстой. Хоёрдугаарт, хууль эрх зүйн мэдлэг чухал. Асуудлыг нударгаар шийдэхгүйгээр өөрийнхөө үйлдлийг хязгаарладаг, согтууруулах ундааг тохируулж хэрэглэдэг, бүүр болж өгвөл согтууруулах ундааны хэрэглээний татгалздаг байх хэрэгтэй байна.
Эцэст нь уур уцаараас, хэсэгхэн зуурын ухааны мухардлаас үүсч, дэвэрч эдгээр асуудлууд гардаг. Уурлаж, биеэ хянах чадваргүй болдогоос ийм олон алдаа, хэрэг, зөрчил гарч тэр тоолонд хэн нэгний амьдрал орвонгоороо эргэж байна. Бид ийм бодит жишээ маш олныг хардаг боллоо.
Хүн бүр энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, нэг хоромын уураа барьж, ухаан бодлоо зөв зүйлд төвлөрүүлээсэй гэж хүсэж “ГОЁ АХ ЭГЧ НАР БАЙЯ” гэсэн уриалгыг гаргаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn