Баруунтурууныхан 20 жилийн өмнө ашиглалтын хугацаа дууссан модон гүүрээр зорчсоор байх уу?

35
 Баруунтуруун сумын ард иргэд 2001 онд буюу одоогоос 20 жилийн өмнө ашиглалтын хугацаа нь дууссан модон гүүрээр аймгийн төв, сум хооронд зорчсоор байна. 
Аймгийн төвөөс тус сумын төв рүү орох гол зам болох Турууны гол дээр тавьсан уг модон гүүр нь 1964 онд ашиглалтад оржээ. Нийтдээ 101,6 м урттай, зургаан метрийн өргөнтэй тус гүүрээр Баруунтуруун сумынхан 58 дахь жилдээ зорчиж байна. Зөвхөн Баруунтурууныхан гэлтгүй, Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн улсын чанартай автозам баригдаж ашиглатад орохоос өмнө Улаангом-Зүүнговь-Баруунтуруун-Тэс/Завханы/-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай А18 дугаартай авто зам энэхүү гүүрээр дамжин өнгөрч байсан юм.
Үндсэндээ Турууны голын энэхүү модон гүүр нь Завхан, Хөвсгөл, Увс аймгийн тээврийн гол зам байж ургац, барилгын материал болон худалдааны бараа, хөдөө аж ахуйн түүхий эд, зорчигч тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор баригдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд үр ашгаа харамгүй өгчээ. Гэвч тус гүүр ашиглалтад орсноос хойших хугацаанд стандартын дагуух их засварыг огт хийгээгүй аж. 
Хэдийгээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд удаа дараа багахан хэмжээний засвар хийж, өнгөлж тордсон ч өнөөдөр тус гүүрээр зорчиход тун хэцүүхэн, хэзээ мөдгүй нурж унахад бэлэн байна. 
Хаврын шар усны үерээр, эсвэл намар орой голын ус хөлдөх цагаар тус гүүрээр ард иргэд зорчих боломжгүй болж, унаа тэрэг саатах, усанд боогдож цаг хугацаа алдах, эд хөрөнгө, эдийн засгаараа хохирох гэх мэт бэрхшээлүүд ихээр учирдаг аж. Бас дээр нь хүнд даацын гурван ч автомашин өнгөрсөн жилүүдэд Турууны голын модон гүүрийг цөмрөн орж эвдэж байсан түүхтэй. 
Турууны гүүрийг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдийг энд дурдъя.
-Баримт нэг: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас Баруунтуруун сумын Туруун голын модон гүүрийн нөхцөл байдалд 2001 оны 9-р сард зөвлөх инженер Б.Эрхэмбаяр ахлагчтай баг үзлэг хийж, судалгааны тайлан гаргасан байдаг. Энэхүү тайлан судалгаагаар уг гүүрийг засах боломжгүй учир шинээр гүүр барих шаардлагатай гэсэн дүгнэлтийг одоогоос 20 жилийн өмнө гаргаж байжээ. Мөн шинээр гүүр барих хөрөнгийн асуудлыг аймгаараа уламжлуулан Дэд бүтцийн болон Санхүү эдийн засгийн яаманд тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээсэн байна.
-Баримт хоёр: Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 7-р сарын 8-ны өдөр Баруунтуруун сумын модон гүүрийн ашиглалт, үүссэн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт байна. Үүнд: “Зорчих хэсгийн цагаан шалны материал цөмөрсөн, хөдөлгөөнд орсон, хар шалны мод илжирч хугарсан, дам нуруунд шаардлага хангахгүй материал ашигласан, хугарсан, хотойсон, хайс, дугуй цохигч эвдэрсэн, ихэнх бүтээцийн материал илжирч муудсан, тулгуурын бэхэлгээний чулуун дүүргэлт байхгүй, хоёр талын далангийн материал урссан, мөс зүсэгч байхгүй зэрэг эвдрэлүүд нь Авто замын бэлэн байдлын үнэлгээг тогтоох, хийц хэсгийн үнэлгээнд баримтлах эвдрэлийн шинж байдлын үнэлгээгээр хангалтгүй буюу муу гэсэн дүгнэлт гарч байна. Иймээс тус модон гүүрийг буулгаж, шинээр төмөр бетонон гүүр барихыг Баруунтуруун сумын ЗДТГ-т зөвлөмж болгож байна” гэжээ.
Тус гүүрийн талаар Баруунтуруун сумын иргэд ийнхүү ярьж байна.
-Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал:
 Манай сумын Туруун голын 101.6 м урт модон гүүр нь 1964 онд анх баригдсан. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны 9-р сард Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас уг гүүрийн ашиглалтын байдалд үзлэг хийж, улмаар засварлах боломжгүй, шинээр гүүр барих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Манай суманд хавар, намрын цагт тариалалт, ургац хураалтын үеэр илүү их тээвэрлэлт хийдэг. Сүүлийн жилүүдэд гурван удаа хүнд даацын автомашин энэ гүүрээр зорчиж байгаад доошоо цөмөрсөн тохиолдол гарсан. Хавар цас хайлж шар усны үер болох, өвөл цаг агаар хүйтэрч гол мөстөх үеэр эвдрэл хүндрэл их гарч байна. Ялангуяа энэ өвөл цаг агаар хүйтрэх үеэр гүүр дээшээ түрэгдэж хөлдсөн. Үүний улмаас эвдрэл үүссэн байдалтай байна. Одоогоор гол хачирлаж байгаа бөгөөд цас хайлвал голоор ч, гүүрээр ч зорчих боломжгүй болох бэрхшээл үүсээд байна. 
Туруун голд бетонон гүүр шинээр барих ажил аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Гэвч 2021 оны улсын төсөвт зардал нь суугаагүй. Одоогоор энэ гүүр цаг хугацаа хүлээх шаардлагагүй, тулгамдсан асуудал болоод байна. Иймээс сумын Засаг даргын зүгээс УИХ-ын гурван гишүүн тус бүрт нь болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд гэх мэт зургаан ч газарт албан ёсоор хандаад байна. Мөн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 8-р сарын 13-ны өдрийн дүгнэлтийг гүүрийн одоо байгаа бодит зурагтай нь хамт хүргүүлсэн. Энэ асуудлыг манай тойргийн гишүүд болон холбогдох сайд нар анхааралдаа авч, нэн яаралтай шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
-Баруунтуруун сумын Баян-Айраг багийн иргэн Л.Анхбаяр:
Би Баруунтуруун сумын төвд амьдардаг. Манай сумын иргэдийн сэтгэл зовоосон нэг асуудал бол насжилт нь дууссан Туруун голын гүүр юм. Миний мэдэхийн 2-3 удаа эвдрэл, гэмтэл гарснаас гадна хүнд даацын автомашин цөмөрч байсан. Сум орон нутгаас тухай бүрт нь энэ гүүрт урсгал засвар хийдэг ч одоо засал авахаас өнгөрчээ. Гүүрний тулгуур багана, нуруу моднууд өгөрч муудаад хэзээ мөдгүй нурж унахад бэлэн байна. Энэ гүүрийг дахин засах ямар ч боломжгүй, шинээр л гүүр барих шаардлагатай. 
Ялангуяа хавар, намрын цагт малчид маань Туруун голынхоо дээд, доод талаар нутагладаг. Сум хооронд, гэр хооронд энэ гүүрээр л дамжиж явдаг. Харин цаашид сумын төв рүүгээ ч орж чадахгүй байдал үүсэх нь. Иймд тус гүүрийг шинээр барих асуудлыг шуурхай шийдэж өгөхийг шийдвэр гаргах түвшний хүмүүсээс хүсэх байна. 
-Баруунтуруун сумын иргэн Х.Тогтох:
Би Туруун голын гүүрийг барихаас эхлээд насжилт нь дуусах хүртэлх бүхий л түүхийг мэдэх хүний нэг. Энэ гүүрийг 1964 онд аймгийн Зам анги ирж барьж байсан юм. Түүнээс хойш олон жилийн турш иргэдийг ажил амьдралтай нь холбосон. Харин олон жилийн ашиглалтын дараа буюу 2004 оноос хойш гүүр маш ихээр эвдэрсэн. Тухайн үед замын сангийн 3 сая төгрөгөөр засвар хийсэн. Ингэхдээ МХГ-ын авто зам хариуцсан улсын байцаагчийн зөвлөмжийн дагуу уулнаас мод бэлдүүлж, ялзарсан даацын модыг солих, өмхөрсөн модыг сэлгэх гэх мэтээр бүтэн 3 сарын турш засвар хийж байсан. Засварын ажил дуусмагц аймаг, сумын комисс ирж хүлээж авснаар ашиглалтад орсон байдаг. 

Ер нь аль хэдийнэ актад гарсан Турууны гүүрийг засварлаад ашиглах болсон шалтгаан нь тухайн үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Улсын төсвийн хөрөнгөөр бетонон гүүр барих тухай яригдаад олон жил өнгөрч байна. Таван тонноос дээш даацтай автомашин явах боломжгүй гэсэн ч том даацын машин явж цөмрөөд хажуу тийш нь унасан удаатай. Хамгийн сүүлд 2019 онд энэ гүүрийг дахин засварласан ч их асуудалтай болсон. Дээд талаас нь хасаад доод талд нь холболтыг нь боотол өвөл хөлдөхдөө овойлгож татаад одоо тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо. Хаана нь ч цөмрөх эрсдэлтэй байгаа. Дахин засвар хийгээд нэмэргүй болсон тул шинээр төмөр бетонон гүүр тавих хэрэгтэй байна. 
Төгсгөлд нь:
Сүүлийн жилүүдэд Баруунтуруун суманд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэснээс гадна Хилийн цэргийн 0311-р анги, Гал унтраах аврах 60-р анги гэх мэт тусгай мэргэжлийн байгууллагууд өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн сум орон нутгийн хэмжээнд суудлын болон ачаа тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, жилд тухайн гүүрээр 740 гаруй нүүрс тээврийн, 1000 гаруй будаа тарианы, 14400 гаруй зорчигч тээврийн, дунд болон том оврын 3600 гаруй тээврийн хэрэгсэл, 3800 гаруй мотоцикл, мөн хавар, намрын нүүдлийн цагаар 300 гаруй айл өрх, 120 мянган гаруй толгой мал нэвтрэн зорчдог тоон үзүүлэлт гарсан байна. Ер нь Туруун голын гүүрийг шинэчлэн баривал стратегийн хүнс болох тариа будааг саадгүй тээвэрлэхэд чухал ач холбогдол бүхий обьект болох юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд аймаг орон нутгийн хэмжээнд энд тэндгүй шавар зуурч, болсон болоогүй баахан барилга байшин барьсан. Гэвч гэрэл цахилгаан, дулаан хангамж, ажиллах хүн хүчний нөөц зэргээ сайтар тооцоолоогүйн улмаас өнөөдөр зарим нь ашиглагдахгүй байж, улсын хөрөнгө үр дүнгүй урссаар байгаа. Гэтэл Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутгийн, цаашлаад баруун аймгуудын эдийн засгийг тэлэхэд өндөр ач холбогдолтай энэхүү замын нэг хэсэг болох Турууны голын гүүрний ашиглалтын хугацаа нь аль 20 жилийн өмнө дуусчихаад байхад шинэчлэн барилгүй өдий хүрсэн нь харамсалтай. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Баруунтуруун сумыг удирдсан удирдлагууд, мөн тус сумаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид амин чухал хэрэгцээ болсон энэ асуудлыг хөндөн тавьж, шийдүүлж чадаагүй нь дэндүү хариуцлагагүйнх гэлтэй. 
Харин сая сонгогдсон Баруунтуруун сумын шинэ удирдлагууд энэ асуудалд анхаарал тавьж, шийдүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа нь сайшаалтай юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn