“Бүсээ чангалах” горимыг үл тоон Увсын ИТХ-ын дарга Ц.Батболд 80 саяар таблет авах тендер зарлажээ

145
 
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ.
Энэ дагуу  үр ашиггүй зардлыг бууруулж, өгөөж бага  зардлуудыг  тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх үүрэг  төрийн бүх шатны байгууллагад хамаатай.
Гэтэл Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд улс даяараа бүсээ чангалж, зардлаа эрэмбэлж буй энэ үед  санал хураалтын программ хангамж бүхий Таблет худалдан авахаар тендер зарласан байх  юм.
Өмнө нь аймгийн Засаг даргын орлогч байсан тэрбээр Иргэдийн хурлын даргын үүрэгт албыг хариуцан авахдаа хувийн эрх ашгийнхаа урд  иргэдийн эрх ашгийг тавина гэж хэлж байсан ч хэрэг дээрээ эсрэгээрээ үйлдэл хийж буйд олон нийт тун шүүмжлэлтэй хандаж байна.
Түүний удирдаж буй ИТХ-аас 80 сая төгрөгөөр 41 таблет худалдан авах тендер зарласан мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байна.
Тэвчиж болох бүх зардлаа тэвч гээд байхад 80 сая төгрөгөөр таблет авч, ИТХ-ын төлөөлөгчдөд тарааж өгөх гээд буй энэ цагаа олоогүй үйлдлээ зогсоох, тендерийн мэдээллээ буцаан татах алхам хийхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай юм.
ИТХ-ын саналыг заавал таблет хэрэглэж хураагаад байх шаардлагагүй, өмнөх жилүүдэд  утсандаа аппликейшн татаад, саналаа өгөөд байж болоод байсныг  зарим төлөөлөгчид хэлсэн ч  Ц.Батболд  дарга заавал өндөр дүнтэй худалдан авалт хийх гээд буй нь хардлага дагуулж буй юм.
Түүнчлэн  олон нийтийн зүгээс түүнийг ИЧИХ НҮҮРТЭЙ БАЙ гэж сануулсаар байна.
Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Анхбаяр  өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Ичих нүүртэй бай!!!. Увс аймгийн Хурал 80 сая төгрөгөөр 41 таблет авч хурлын төлөөөлөгчиддөө тараах юм гэнэ. Цар тахлын үед дээр дооргүй бүсээ чангалж, Засгийн газраас хүртэл төрийн байгууллагуудын зардлыг 10 хувиар хэмнэх тогтоолыг гаргаад байгаа аюулт цар тахлын энэ үед биднээс сонгогдсон төлөөлөгчид нэг бүр 1,9 сая төгрөгийн үнэтэй таблет авах хэр зохимжтой юм бэ? Хэр хүнлэг юм бэ?
Улаанбаатараас ирсэн иргэдээ энэ мөнгөөр тусгаарлаж эрсдлийг бууруулах, тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч ажиллагсдаа дэмжих, амьдрал хүндэрч байгаа айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх ухаан байдаггүй ээ. Өөрсдөө таблет барих нь чухал уу? Анхнаасаа төсөв тавихдаа хүртэл нарийн зүйлчлэхгүй "Хурлын урсгал зардалд 716 сая төгрөг" гэж бүхлээр нь батлуулж аваад 80 саяар нь таблетын тендер зарлажээ.
Үлдсэн 636 саяар нь бас юу авах вэ? Ингэж төсвийн "хулгай" хийж болохгүй ээ!!! Тендерийн материал дээрээ хурлын үеэр санал авах зориулалттай гэжээ. Өнгөрсөн дөрвөн  жил бүгд утсан дээрээ "vote" гээд жижиг апп суулгаад ирцээ бүртгүүлж, саналаа өгөөд болоод л байсан. Одоо яагаад санал өгөхөд заавал 80 сая төгрөг зарцуулах шаардлагатай болчихов оо?
Цаашилбал тендерийн материалд  дурдагдсан шаардлагуудыг харвал аль хэдийнэ нийлүүлэх компаниа олчихоод нийлүүлэх таблетных нь шаардлагыг хуулаад биччихсэн гэж хардахаар. Би энд таньдаг мэддэг бүх төлөөлөгчдөө меншион хийе. Та бүхэн энэ таблетнаасаа  татгалзаж төсвийг үр ашигтай зарцуулахад Хурлын даргадаа шаардлага тавиач ээ гэж хүсье.” гэжээ.
 
https://news.zindaa.mn/3lli?fbclid=IwAR1YwzAzbJXLs-0ACpRyDAIO8itnDxbFdBkoF1dknuXMcMdz8PfMiJbSKB0
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn