Баян-Өлгийн “Баастай” бурхад

214

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль болохоор горилогчид бужигнаж байна. Энэ өдрүүдэд бид өнөөгийн бүрэн эрхт гишүүд тойрогтоо юу хийв, ард түмний итгэлийг хэрхэн олов, ямар бодлогын баримт үйлдэв гэдэгт дүн шинжилгээ хийж “Сонгууль-2020” буландаа түшээдийн явсан зам мөрийг тодруулж байгаа билээ. Энэ удаад алс хязгаар Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдож төрийн жолоо атгалцаж яваа Д.Мурат, Г.Солтан, Х.Баделхан нараас амлалт нэхэж байна. Тус аймагт ямар ч нам, сонгуулийн системийн үед мандатын тоо өөрчлөгддөггүй,  гурван гишүүн сонгогдож, УИХ-д суудаг онцлогтой.            

“БОГДЫН БООВ” БУЮУ Д.МУРАТЫН МУРУЙ

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас Баян-Өлгий аймагт нэр дэвшин ялалт байгуулсан гишүүн бол тэр. Д.Мурат бол энэ парламентын “үзэгдэл” байлаа. Тэрбээр бүрэн эрхийнхээ бүхий л хугацаанд  хормой хотны асуудал дэгдээгээд улс төрчийн карьераа өндөрлүүлж байна.  Тэрбээр нэгэн бүсгүйд дотно харилцаатай болох санал тавьж, элдэв ёс бус зургаа илгээж, дарамталж, бүр гар хүрсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй хохирогч бүсгүй энэ тухайгаа хэвлэлд ярьж, түүнд илгээсэн зургуудыг нийтэд дэлгэсэн нь Монгол төрийн сэнтийг шороотой хутгасан үзэгдэл болсон билээ . Аймгийнхаа Дулааны цахилгаан станцын даргаар олон жил ажилласан, сумынхаа сургууль , цэцэрлэгийн халаалтыг нам даралтын зуух суурилуулж, шийдсэн нь “Зуух” хочтой болгосон гэдэг.
Гэвч бусдыг садар самуунд уруу татахыг оролдсон гэх дуулиан нь “Зуухны” гэх хочийг нь “Богдын боов” болгож, өөрчлөөд байгаа. Байсгээд л хүүхэн шуухны асуудалд нэр нь холбогдож явдаг түүнийг АН-ынхан нь багахан хугацаанд шийтгээд эргээд цагаатгасан . Тодруулбал, 2018 онд улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг намын нөхөд нь гаргаж дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг нь хассан ч төд удалгүй буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс шийтгэлийг хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын гишүүний цахим бүртгэлийн сан дахь мэдээлэлд “Д.Муратыг АНаас төрийн сонгуульд нэр дэвших эрхтэй гишүүнээр өөрчлөн бүртгэсүгэй" хэмээснээр АН-ын “Богд” болгон “өргөмжилсөн” билээ.
Яг энэ үйл явдлаас харвал, Д.Мурат УИХ-д шинэ ч Ардчилсан намд хуучин хүн. Тиймээс л Д.Муратын муруй замыг намын нөхөд нь тэгшитгэн ирэх сонгуульд дахин сойж “Богд оо , боовноосоо ” хэмээн түшээгийн суудал руу зүтгүүлэхээр зэхэж байна. Өөрийгөө голдоггүй, өмдөндөө багтдаггүй мөн ч том амьтан аа, энэ Д.Мурат.

ДАВХАР ДЭЭЛТЭЙ, ДАНХАЙСАН ОЛОН ТОЛГОЙТОЙ Х.БАДЕЛХАН

Тэр бол Барилга, хот байгуулалтын сайд, УИХын гишүүн. Үндэстний цөөнхийн төлөөлөл гэгддэг түүнд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын салбар үнэндээ томддог. Томдсон гуталтай, түүнийгээ чирээд, шороотой хутгалдаж явдаг нусгай жаал шиг Х.Баделханд өнөөдрийг болтол харьяалсан салбартаа ч, хасаг олон түмэндээ ч хийсэн гавьяа алга .
Тэрбээр 2008 оноос хойш хоёр удаа УИХ-ын бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг тасралтгүй 12 жил хийж буй туршлагатай. Монголчуудын ахуй амьдралын нөхцөлийг өөрчилж болох хамгийн эрх мэдэлтэй яамны толгойд суудаг энэ сайд иргэдийн хамгийн их хүсдэг ипотекийн зээлийн орчин, түүнд хамаарах барилгын тоо, чанар, стандарт, боломжийг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Х.Баделхан сайд Ипотекийн зээлийн хөтөлбөрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийсэнгүй. Зүгээр л зөнд нь орхисон. Харин үхэн хатан нэг л ажлын төлөө явсан нь БНХАУ-ын тусламжтайгаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх байв. Түүний ярьсан , явсан зам мөрийг харвал цэвэрлэх байгууламж гэх объёктыг сайтар тодотгодог бөгөөд цаад учир нь өндөр санхүүжилт олсонтой нь холбоотой.
Тодруулбал, 262.7 сая ам.долларын мөнгө эргэлд эх ажил учраас хүссэн хүсээгүй, төв цэвэрлэх байгууламж “ сүйдэж ” түүнийг нь Х.Баделхан сайд анхаарч ажилласан болж харагдах нь түүнд ашигтай байлаа. БНХАУ-аас энэ ажилд чиглэсэн санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 орчим сая ам.доллар гарч буй хэмээн өөрөө хэвлэлд ярьсан удаатай. Түүнийг Баян-Өлгийн сонгогчид цээжээрээ хамгаалдаг. Учир нь, УИХ-д бусдыгаа бодвол ололт амжилт гэх зүйлгүй ч ор, дэрний асуудалд орооцолдоогүй нь тэр. Баян-Өлгий аймагт нь байсхийгээд буудаг их үерт сүйдсэн өрхүүдэд хувиасаа 20 сая төгрөг хандивласан нь түүний намтарт бичигдэх хамгийн сайн түүх.

ГЭМШЛИЙН “БУЛЧИРХАЙГҮЙ” Г.СОЛТАН

Энэ парламентад ЖДҮХС - гаас зээл авсан улс төрчдийн дунд түүний нэрбий. “Ангийн дарга” нь хулгайч гишүүдийнхээ нэрсийг олонд ил болгож , уучлалтгуйхыг шаардаад байхад тэрбээр ганцаараа хөндлөн харж суучихаад үс ээ шидэлж, “Надад та нараас уучлалт гуйх шаардлага байхгүй” хэмээн даналзаж байсныг бид мартаагүй ээ. Түүнийг монголчууд бүү хэл өлгийчүүд ч таньдаггүй. Өөрөөр хэлбэл, хэлдэг үг ч үгүй, хийсэн ажил ч үгүй нэгэн. Ярьж, ойлголцохдоо маруухан ч ялихгүй суудалд тухлачихаад шалихгүй хулгай хийж чаддаг Г.Солтан “Монгол шаазан” компаниараа дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан ЖДҮ-чин.
Түүний намтарт хийсэн ажил гэхээсээ илүүтэй хулгайлсан мөнгөтэй нь холбоотой шүүмж хөвөрдөг . Тухайлбал , Улсын ерөнхий прокурорын газраас УИХы н гишүүн Г.Солтанд ЖДҮХСаас зээл авсантай нь холбогдуулан хэргийг нь шүүхэд шилжүүлсэн гэдгийг мэдээлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж хүртэл шахалт үзүүлж байлаа. Гэвч Г.Солтан дүмбийдгээрээ дүмбийж, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн билээ. Яг ийм дүмбэгэр, цүндгэр нөхдийг монголчууд “ичих, гэмших булчирхайгүй” гэдэг билээ.
Үндэсний шуудан

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn